ХИС-ИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Баруун бүсийн Ховд их сургуулийн нийт профессор, багш ажилчид, оюутан суралцагчдынхаа нэрийн өмнөөс та бүхний амгаланг эрэн мэндчилье.

Баруун бүс нутагт төдийгүй монгол улсын салбар бүрт бидний бэлтгэсэн багш, мэргэжилтэн, судлаачид үр бүтээлтэй, манлайлан ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Ховд их  сургууль нь 2016-2017 онд багш бэлтгэж ирсэн 38 жилийн баялаг туршлагадаа тулгуурлан  Үндэсний болон баруун бүс нутгийн хөгжлийн урт, дунд хугацааны чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан тасралтгүй хөгжих чадвартай, төлөвшсөн инженер, техникийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх үүднээс бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүд болон Ховд их сургуулийн дэргэдэх “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей ахлах сургууль”-ийг шинээр нээн амжилттай эхлүүлээд байна.

2019 оны намар тохиох төрөлх сургуулийнхаа 40 жилийн ойг угтаж дэлхийн боловсролын стандарт, чанарын баталгаажуулалтыг хангаж өрсөлдөх чадвараа улам бүр дээшлүүлж, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх, ойрын болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, ойг угтсан томоохон арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна.

Ууган их сургуулиараа овоглосон оюутан суралцагчид, төгсөгчид, эрдэмтэн багш нартаа түүхэн ойн баярт өдөр ололт амжилт, эрдмийн буянаар арвин сайхан уулзахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг дэвшүүлье.

 

ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, ДОКТОР, ПРОФ Б.НЯМДОРЖ