ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Ховд их сургууль нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн суурь шинжлэх ухааны салбаруудын хөгжиж ирсэн уламжлал, эрдмийн чадавхи, туршлага, судлаач эрдэмтдийн нөөц боломжид тулгуурлан орчин үеийн их дээд сургуулиудын загвар, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийг (НХУС) 2008 онд байгуулсан.

Тус сургууль нь  дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад уламжлал болон тогтсон либераль арт буюу байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний  ажил эрхэлж ирсэн байна. Энэ утгаараа оюутан хүний ирээдүйд хүмүүн-оршихуйн хэрэгцээ болсон өргөн хүрээтэй, гүн гүнзгий мэдлэгийн суурь үндэсийг эзэмшүүлэхэд сургалтаа чиглүүлж байдаг.

Нийгэм хүмүүнлэгийн ухааны профессор багш, судлаачид эрдэм судлалын янз бүрийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын түвшинд бүтээл туурвил нь танигдсан тэргүүлэх эрдэмтэд юм. Тэд оюутныг сурах үйлийн зэрэгцээ судлан шинжлэх, хувь хүний хөгжил төлөвшил, зөв хандлага, зорилготой, бүтээлч хүмүүн болгоход тэнхимийн сургалтын зэрэгцээ дагалдуулан сургах, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, оюутны өөрсдийн оролцоо эрэл хайгуулыг дэмжих чиглэлээр эрдэм судлалын аянд түүчээлж ирсэн уламжлалтай билээ. Тэр ч утгаараа тус сургуулийн төгсөгчдөөс олон эрдэмтэд төрөн гарсан буй.

Түүнчлэн багш, судлаачдыг эрдэмжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлийн ажлуудыг чанаржуулах, хүртээмжтэй ажиллах зорилгын хүрээнд тодорхой зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Та бидний хүрэхээр зорьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажлуудыг бодит ажил хэрэг болгоход энэ сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, суралцагч бүрийн хичээл зүтгэл, хариуцсан ажилдаа эзэн нь байх, сэтгэл хийгээд сэтгэлгээний цар хүрээ, оюун бодол хийгээд оролдлого, чадавхи чадамж хамгийн чухал юм. “Айлаас эрэхээр авдараа уудал”, “Эвт шаазгай буга барина” гэсэн ардын мэргэн үг буй. “Шургуу хөдөлмөрийн үр шим нь шударга ёсны илд мэт бат бөх” бөлгөө.

Цаашид багшлах бүрэлдэхүүний ажиллах чадварыг сайжруулах, багш бүр өөрийгөө хөгжүүлэх, багшлах арга барилдаа улам бүр дадлагажих, судалгааны цар хүрээгээ тэлэх, нийгмийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн ертөнцтэй хөл нийлүүлэн алхах, ажиллаж буй салбар бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан боловсон хүчнийг сургаж төгсгөх эрхэм үүрэг Та бидний өмнө тавигдаж байна.

Хамт олон бид бүхний ажил үйлс өөдрөг байж, Нэгэн зорилго, нийтийн оролцоотойгоор дэвжин дээшлэхийн ерөөл өргөе!