ПРОФЕССОР М.ГАНБОЛД “БАЛДОРЖ” ШАГНАЛЫН ШИЛДГЭЭР 2 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА

Монголын сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 9-р сарын 19-нд Улаанбаатар хотноо “Улаанбаатар” зочид буудалд болсон. ХИС-ийн НХУС-ийн Түүх нийгмийн ухааны тэнхимийн багш Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд <Хөх толбо> сонины 2018 оны №07 (992) дугаарт нийтлүүлсэн  “Амраглан дурлагч гоо уулнаасаа…” аян замын тэмдэглэлээрээ Монголын сэтгүүлзүйн оны шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагналын эзнээр шалгарав. Тус уралдаанд нийт 670 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг 25-д багтсан энэхүү тэмдэглэлийг 2018 оны 1-р сард Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган суманд судалгааны ажлаар ажиллаж байх үедээ бичжээ. Алтайн нуруунд амьдрагч Монгол, Түрэг угсаатны бүлгүүдийн угсаа, соёл хийгээд аж төрөх ёс, өнөө цагийн амьдралын дүр төрхийг илэрхийлж гаргасан уг бүтээл ХИС-ийн сайтад бас нийтлэгдсэн билээ. Профессор М.Ганболд 2017 онд БНХАУ-ын ШУӨЗО-ний Алтай аймгийн Чингэл, Хандгайт сумнаа бичсэн “Харгай үнэртэй Хандгайт” тэмдэглэлээрээ өмнөх оны Балдорж шагналтнаар бас шалгарч байсан. Тэрээр ийнхүү хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг сэтгүүлчдээс анх удаа төдийгүй 2 дахь удаагаа Балдоржын шагнал хүртсэн юм.



Хариулт үлдээх