СУРГАЛТЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА

Тус сургуулийн Сургалтын алба нь Баруун бүс нутаг төдийгүй Монгол улсад өрсөлдөх чадвартай багшлах боловсон хүчин, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд тус сургуулийн сургалтын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт үнэлгээг боловсронгуй болгон хөгжүүлж, чанарын баталгааг ханган ажиллахаар зорьж байна.
Сургалтын бодлого төлөвлөлтийн алба нь ХИС-ийн суралцагчдын элсэлт, төгсөлт, үнэлгээ, хөтөлбөрийн хөгжил, магадлан итгэмжлэл, сургалтын нэгдсэн зохицуулалт, багшийн хөгжил, манлайлал, сургалт, судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, номын сан зэрэг багш болон оюутны хөгжлийг дэмжих бүхий л үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тус алба нь дараах бүтэцтэй.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд хичээлийн эрхлэгчээр Х.Чагдаа (1979-1989), Х.Тэрбиш (1989-1991), С.Шийдэв (1992-1994), сургалт хүмүүжил хариуцсан дэд захирлаар Хайдавын Дондог (1995-1997), сургалт эрхэлсэн дэд захирлаар Ц.Баасандорж (1997-2000), С.Шар (2000-2003), Б.Равданжамц (2003-2009), Б.Нямдорж (2009-2013), Д.Өрнөхдэлгэр (2013-2017), Б.Нямдорж (2017 оноос) нар ажиллаж байна.
Баруун болон бусад аймгуудад багшлах боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдон, сургуулийн материаллаг бааз, нөөц боломж, боловсон хүчиндээ түшиглэн сургалт явуулах боломжтой шинэ анги салбар нээн хичээллүүлэх, Монгол улсын болон дэлхий нийтийн жишигт нийцэх, зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарч иржээ.
Тус сургууль нь байгуулагдсан цагаас эхлэн 4 мэргэжлээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг баруун 5 аймгаас элсэлт авч байсан бол өнөөдөр бакалаврын 29, магистрын 12, докторын 6 хөтөлбөрөөр баруун 5 аймгаас гадна Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудаас элсэлт авч байна. Түүнчлэн ОХУ-ын Тува, БНХАУ-ын ШУӨЗО, Япон, Солонгос зэрэг орнуудаас оюутан элсүүлэн суралцуулж байна.