ХИС-ИЙН ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ТАНИЛЦУУЛГА

Ховд их сургууль ББМҮЯ-ны барилгын зургийн институтаас 1978 онд гаргасан зургаар 250 оюутны нийтийн байрны барилга (1-р байр) 1980 оны 09 сарын 26-нд, мөн тус институтаас 1984 онд гаргасан зургаар 258 оюутны байрны барилга 1987 оны 11 сарын 18-нд (2-р байр) тус тус ашиглалтад оржээ. Хот, аймаг, сумаас ирж суралцаж буй өдрийн болон эчнээ ангийн нийт 508 суралцагч амьдарч оршин суух оюутны байртай. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж зарим өрөөг зориулалтаар тохижуулбал 600 оюутан байрлах боломжтой. Оюутны байранд амьдрах нэг оюутанд ноогдох ашигтай талбай 4-4.5 м2. 2003 онд Японы улсын элчин сайдын яамны “Өвсний үндэс” төсөл хөтөлбөрийн хүрээнд 89 мянган долларын өртөгтэй барилгын засвар үйлчилгээ хийгдсэн.

Өнөөгийн байдлаар Оюутны 1-р байранд нийтийн ариун цэврийн өрөө 11, суултуур 25, угаагуур 85, шүршүүр 6 буй бөгөөд 6.5 оюутанд 1 суултуур, 1.9 оюутанд 1 угаагуур, 27 оюутанд 1 шүршүүр, 2-р байранд суултуур 57, угаагуур 61, (2 тасгийн дунд нэг ариун цэврийн өрөө), шүршүүр 12 буй бөгөөд 4.9-5.2 оюутанд нэг суултуур, угаагуур, 25 оюутанд нэг шүршүүр, ариун цэврийн өрөө тус тус ногдож байна.

Оюутны 1 дүгээр байранд уншлагын танхим 2, оюутны 1-р байрны В корпусын 3 давхрын “Эрүүл мэнд, сургалт суртчилгааны төв”-ийн 5 компьютер интернетээр, оюутны 2-р байранд ХИС интернет кафены үйлчилгээг бие даан явуулж байна. Одоогоор 10 компьютер интернетийн ADSL сүлжээнд холбогдож үйлчилж байна. Интернетийн хурд 20 mbps байна.

Ховд их сургууль 600 гаруй оюутан амьдрах 2 оюутны байртай бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар 480-620 оюутан амьдарч байна. Түүний 80-90 хувь нь Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн оюутнууд бөгөөд үлдэх 10-20 хувийг БНХАУ оюутнууд болон Ховд, Баянхонгор, Хөвсгөл аймгийн оюутнууд эзэлдэг.

Оюутны байранд хөдөө орон нутгаас ирсэн 1, 2 дугаар ангийн оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эхлэн авах бодлого баримталдаг. Мөн гадаад оюутан байрлуулахад зориулсан тусгай өрөө тасалгаатай Оюутны байрны үйл ажиллагааг “Оюутны байрны дотоод журам”-аар зохицуулдаг ба оршин суугч оюутан бүр энэ журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Оюутны байранд зохиогдох төлөвшөл, хүмүүжил, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлыг хичээлийн жилээр гарган баталж явуулдаг.

Сургуулийн захиргаанаас оюутны дотуур байрны үйлчилгээ, түүнд тавигдах шаардлагыг Монгол улсын стандартын дагуу мөрдөж нормативыг хэрэгжүүлэх бодлогыг явуулж байна.

Оюутны дотуур  байр нь оюутнуудын сурч амьдрах нөхцөл боломжийг ханган ажиллахаас гадна чимээгүй орчинд хичээл даалгавар хийх бие даалтын өрөөг тохижуулсан, мэдээ мэдээллээр бүрэн хангагдахад зориулагдсан интернет орчинг сайжруулах ажил хийгдсэн, оройн цагаар ажилладаг номын сантайгаас гадна амьдрах ухааны, сурах арга барилын, төлөвшлийн сургалтууд явуулж, сургуулийн эмч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх болон бусад зөвлөгөө өгч ажилладаг. Мөн соёл хүмүүжлийн ажлыг жил бүр төлөвлөгөөний дагуу явуулж, хууль эрх зүй, Эрүүл мэнд, спорт урлагийн тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг.

Оюутны байр нь оюутны дотуур байрны үйлчилгээ ерөнхий шаардлага стандартыг үндэслэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба цаашид ч оюутан залуусыг амьдралын чанартай боловсрол эзэмших, бодит чадвартай, бүтээлч хариуцлагатай хүмүүжил ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой ажиллаж байна.

2017-2018 оны хичээлийн жилд оюутны II байранд бүрэн засвар хийж, орчин үеийн стандартын дагуу цогц тохижилт хийн ашиглалтад оруулаад байна.