ХОВД ИХ СУРГУУЛЬ

НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

 ХЭЛ ЗОХИОЛЫН ТЭНХИМ

 Түүхэн замнал:

Хэл зохиолын тэнхим нь 1979 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд бакалаврын 950 гаруй, магистрын 60 гаруй  багшлах боловсон хүчнийг бэлтгэн гаргасан нь эх орны өнцөг булан бүрд нэр төртэй ажиллаж байна.

1979 оноос хойших хугацаанд ажиллаж байсан багш нараас 20 гаруй хүн боловсролын болон шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалаад байна. 2004-2016 онд Монгол герман хэлний багш, орчуулагчийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэсэн. Тус тэнхимийн докторантурын сургалтыг дүүргэн 7 хүн докторын зэрэг хамгаалаад байна.

Багш, ажилтан:

Эдүгээ тус тэнхимд профессор А.Батсуурь тэнхимийн эрхлэгчээр, профессор Б.Даваадорж, Д.Өрнөхдэлгэр, дэд профессор Б.Цэрэндаваа, доктор В.Янжиндулам, докторант Б.Бямбадорж, И.Жавхлан нар багшаар, Ц.Нандинцэцэг хичээлийн туслах ажилтнаар ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Сургуулийн эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэмд үйлчилж, хэлбичгийн ухааны салбарт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулж монгол хэл, уран зохиолын болон хэлний дээд боловсролтой, мэргэжлийн зохих түвшинд бие даан ажиллах мэдлэг, чадвартай, шинжлэх ухааны судалгааны онол, аргазүй, эзэмшсэн, иргэний өндөр соёлтой мэргэжилтэй болж төлөвших таатай орчинг бүрдүүлж, үйлчлэхэд оршино.

Элсэгч, суралцагсад:

Тус тэнхим нь 4 жилийн хугацаагаар монгол хэл уран зохиолын багш, мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэхийн зэрэгцээ хэлний бэлтгэлийн өдрийн 1 жилийн, магистрын өдрийн 1,5 жилийн эчнээ 2,5 жилийн, докторын өдрийн 3 жилийн сургалтыг зохион байгуулж байна. Монгол хэл, уран зохиолын ангид Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас гадна Хөвсгөл, Баянхонгор, Булган, Улаанбаатар хотоос мөн Солонгос, Япон, БНХАУ-аас хөвгүүд, охид ирж суралцдаг бөгөөд мэргэжлийн сургалтыг батлагдсан төлөвлөгөөгөөр хичээл тус тусын хөтөлбөр тодорхойлолтын дагуу зохион байгуулснаар суралцагч оюутан нь 4 жилийн хугацаанд 120-н багц цагийн хичээлийг судлан эзэмшиж, бакалаврын зэрэгтэй, багшаар бэлтгэгддэг. Мөн тус тэнхимд БНХАУ, Япон, Солонгос, Орос зэрэг орны суралцагчид хэлний бэлтгэл ангид суралцдаг.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд:

  • Ойрад судлал
  • Эх бичвэрийн судалгаа
  • Буддын гүн ухааны судалгаа
  • Алтайн хэл судлал
  • Соёл хоорондын харилцаа
  • Сэтгэц хэлшинжлэл

Тэнхимээс мэргэжлийн сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлыг эх орны баруун бүс нутагт тодорхой төлөвлөгөөний дагуу явуулж ойрад болон баруун бүс нутгийн монголчуудын хэл аялгуу, аман билигийн судалгааг хийж нэлээд хэмжээний эх хэрэглэгдэхүүнийг цуглуулсан.

Хэл зохиолын тэнхим нь хоёр сантай. “Аялгуу, аман зохиолын сан”-д торгууд, өөлд, захчин, урианхай, мянгад, дөрвөд, баяд, элжгэн халхын аман аялгуу, тува хэлний материал, баатарлагийн туулийн бичмэл эх, үлгэр, домог, уртын дуу, хууч яриа зэргийг агуулсан дуут хуурцаг, бичлэгүүд хадгалагдаж байна.

“Монголчуудын бичиг үсгийн дусгалын төв”-д соёмбо, дөрвөлжин, монгол бичгээр үйлдсэн 40 гаруй, тод үсгээр үйлдсэн 80 гаруй, төвд хэлээр бичсэн 800 гаруй судар шастир байгаагийн зэрэгцээ бурханы хөрөг, модон барын хэв зэрэг эд өлгийн зүйл, 30 орчим дурсгалт зүйл, буддын их цоморлог болох “Данжуур”, “Ганжуур”-ын кирил үсгийн ботиуд зэрэг  нийт 1000 шахам судалгаа шинжилгээний эх хэрэглэгдэхүүн бий.

Тэнхимийн багш нар судалгааны ажлыг тодорхой сэдвээр гүйцэтгэн өөр өөрийн судалгааны чиглэл, бүтээл туурвилтай болоод байна. Оюутнууд 4 жилийн хугацаанд жил бүр судалгааны ажил бас гүйцэтгэх бөгөөд оюутны болон багш оюутны эрдэм шинжилгээний хурлыг жилд 3-аас дээш удаа хийж, үр дүнгээ хэлэлцэж зөвлөлддөг.

Суралцагчдын ном сурах бичгийн хангамжинд анхаарч номын санг тухай бүр мэргэжлийн ном бүтээлээр баяжуулахын хамт цахим номын сантай болж сургалт болон судалгааны үйл ажиллагаанд тогтмол ашигласаар байна.