Түүхэн замнал

1979 оны II сарын 16-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс Ховд аймгийн төвд Багшийн дээд сургуулийг Математик-Физик, Хими-Биологи, Монгол хэл утга зохиол, Түүх-газарзүйн ангитайгаар Ховд аймгийн төвд 1979-1980 оны хичээлийн жилээс эхлэн байгуулж, Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороонд харъяалуулан, сургалтын хугацааг дөрвөн жилээр тогтоон, элсэлтийг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг баруун аймгуудаас авч байхаар заасан 52-р тогтоол гаргажээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны даргын 1979 оны III сарын 29 ны тушаалыг үндэслэн сургуулийн аж ахуйн даргаар Самбуу овогтой Дөрвөдийг 1979 оны III сарын 2 ноос эхлэн ажиллуулжээ. Түүнтэй хамт ня-бо П.Бизъяа, нярав Б.Энэбиш, сахиул Д.Цэрэнханд нар мөн хугацаанаас эхлэн ажилласан байна.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн УДТДТМБ-ын хорооны даргын тушаалаар МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1979 оны VI сарын 13 ны 317-р тогтоолыг үндэслэн Математикийн ухааны дэд эрдэмтэн Нямын Жадамбыг сургуулийн анхны ректороор VI сарын 15-наас томилов.
УДТДТМБ-ын хорооны даргын 1979 оны IХ сарын 7-ны 327-р тушаал, сургуулийн ректорын 1979 оны IX сарын 11-ний 1/19 тоот тушаалаар Хоохдойн Чагдааг хичээлийн эрхлэгчээр, УДТДТМБ-ын хорооны даргын мөн өдрийн 324- тушаал, ректорын 1/16 тоот тушаалаар Дүгэрийн Сайнбилэгийг санхүү аж ахуй эрхэлсэн проректороор томилжээ.
УДТДТМБ-ын хорооны даргын 1979 оны III сарын 29-ний 112-р тушаалаар сургуулийн тамга, тэмдэгийг баталж 1979 оны IV сарын 1-нээс эхлэн хэрэглэх эрхийг олгожээ.
УДТДТМБ-ын хорооны даргын 1979 оны VIII сарын 15-ны 279-р тушаалаар Ховдын Багшийн дээд сургуульд Байгалийн болон Нийгмийн ухааны гэсэн 2 тэнхим байгуулахаар заажээ.
Анхны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнүүд 1979 оны IX сарын 29-нээс X сарын 1-нд явагдаж, энэ хүрээнд сургуулийн нээлтийн баярын хурал, хүндэтгэлийн концерт, үндэсний бөхийн барилдаан, одон болон гар бөмбөг, шатар зэрэг төрөл бүрийн тэмцээн, “Эрдмийн ундраа” сэдэвт галын наадам зэрэг олон арга хэмжээ зохиогджээ.
Нээлтэд зориулсан баярын хурал 1979 оны IX сарын 29-ний Бямба гаригт 16 цагаас Ховд аймгийн Хөгжимт драмын театрт болж энэ хурлыг Ховд аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Түмэнжаргал удирдав.
1979 оны X сарын 1 –ний Даваа гаригийн өглөө 7 цаг 30 минутаас Ард Аюушийн нэрэмжит талбайд тус сургуулийн хичээлийн жилийн нээлт болсон бөгөөд сургуулийн ректор Н.Жадамба анхны хичээлийн жил эхэлсэнийг албан ёсоор мэдэгджээ.
Сургууль нь анхны хичээлийн жилд Ховд аймгийн анхны сургуулиуд хичээллэж байсан хоёр жижиг дан байшинд математик-физик, Хими-биологи, Монгол хэл-уран зохиол, Түүх –газарзүй гэсэн 4 салбарын 113 оюутан, 13 багш, түүний дотор ЗХУ-ын мэргэжилтэн багш 1, аж ахуйн 23 орон тоотойгоор Байгалийн ухаан, Нийгмийн ухааны 2 тэнхим, номын фонд, уншлагын танхим, хими, физикийн лаборатори, лингафоны кабинеттэйгээр сургалт, хүмүүжил,эрдэм шинжилгээний ажлаа явуулж эхэлжээ.
Нийгмийн ухааны тэнхимд түүх нийгмийн ухаан, монгол хэл уран зохиол, орос хэл, сурган, цэрэгжил, газарзүйн салбарууд, байгалийн ухааны тэнхимд математик, физик, хими, биологи, биеийн тамир зэрэг салбарууд хамаарагдаж байсан бөгөөд тэнхимийн эрхлэгчээр Ц.Одонхүү, физикийн ухааны дэд эрдэмтэн Л.Дэмбэрэл нар тус тус ажиллаж байв.
Байгалийн ухааны тэнхим анх 7 багш, 1 лаборант, харъяа 2 анги, 59 оюутантайгаар, нийгмийн ухааны тэнхим 5 багш, харъяа 2 ангид 54 оюутантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлжээ.
Ховд дахь Улсын Башийн Дээд сургууль 1981-1982 онд хичээлийн шинэ байранд шилжин орсон.
ХоУБДС-ийн зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай АБЯ-ны Сайдын 1982 оны IX сарын 10 ны 323-р тушаалыг үнэдэслэн Байгалийн болон Нийгмийн ухааны хоёр факультетийн Математик /Б.Цэрэнжав/, Физик /Л.Дэмбэрэл/, Хими /Я.Дашжил/, Биологи /Х.Тэрбиш/, Орос хэл /Б.Оргил/, Сурган Газарзүй /Ч.Дашзэвэг/, Монгол хэл /Ж.Төмөрцэрэн/, Нийгмийн ухаан /Ц.Одонхүү/ гэсэн найман тэнхим /эрхлэгч/ -тэйгээр зохион байгуулжээ.
Ховд дахь УБДС-ийг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор 1993 оноос МУИС-ийн салбар сургууль болгон өөрчлөх шийдвэр гарч, үүний дагуу сургалтын агуулга, төлөвлөгөөг өөрчлөн 1993-1999 онд физик, хими, биологи, монгол хэл уран зохиол, математик, түүх, газар зүй, орос-англи хэл, математик-мэдээлэл зүй, байгаль шинжлэл, нягтлан бодох бүртгэл гэсэн 11 чиглэлээр элсэлт авч, энэ хугацаанд олон зуун мэргэжилтэнг төгсгөн гаргасан байна.
Мөн 1995-1996 оны хичээлийн жилээс магистрантурын сургалтыг МУИС-тай хамтран, 1998-1999 оны хичээлийн жилээс байгаль шинжлэл (хими, биологи, газар зүй), хэл шинжлэлийн чиглэлээр бие даасан сургалт явуулжээ.
Энэ хугацаанд МУИС-ийн сургалтын төлөвлөгөө, програмыг жишиг болгон 2003 он хүртэл дагнасан мэргэжлээр сургалт явуулж ирсэн. Бүс нутагт эрэлт хэрэгцээтэй, хөрвөх чадвартай багш бэлтгэх шаардлагатай холбоотойгоор 2003 онд багш бэлтгэдэг ангиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн дагнасан мэргэжлийн зэрэгцээ хос мэргэшилтэй багш мэргэжлээр сургалт явуулсан байна. Гадаад харилцаагаа улам бүр өргөжүүлэн, эрдэм шинжилгээний хамтарсан экспедиц, олон улсын хурлыг хэд хэдэн удаа зохион байгуулж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрдмийн зэрэг хамгаалах нөхцөл боломжийг сайжруулан, багшийн бус мэргэжлийн чиглэлээр шинэ мэргэжлийн анги, магистрын сургалт нээн ажиллуулсан зэрэг амжилт ололтын үр дүнд бүс нутагт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулах материаллаг бааз, боловсон хүчний нөөц бүхий их сургууль болох түвшинд хүрч байгаа тухай үнэлгээ дүгнэлтүүдийг авч ирлээ.
Цаашид өөрийн улсын хийгээд олон улсын жишигт нийцсэн, зах зээлд өрсөлдөх хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, монголын баруун бүс нутгийн хэмжээнд эрдэм боловсрол, шинжлэх ухааны гол төв, их сургууль болон өргөжин хөгжих зорилт тавин ажиллаж байна. Сургуулийн хөгжлийн түүхийг бүтээгчдийн ололт амжилт, бэрхшээл дутагдлыг тодорхой өгүүлсэн бие даасан бүтээл, сургуульд ажиллаж байсан профессор багш нар, ажилтан, ажилчдын тухай түүхэн дурсгалт бүтээл, тэнхим тус бүрийн түүхийн тухай бие даасан товхимлуудыг бичин 1999 оны 9-р сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Ховд хотноо тэмдэглэн өнгөрүүлсэн сургууль байгуулагдсаны 20 жилийн ойн өмнө хэвлүүлэн уншигчдын гарт хүргэсэн.
Сургууль байгуулагдсан цагаас эхлэн сургалтын лаборатори, кабинетүүд байгуулах, номын сан, материаллаг баазаа бэхжүүлэх талаар чармайн ажилласны үр дүнд багш оюутны хүчээр компьютерийн, атомын болон цөмийн физикийн, механик, молекул физикийн, оптикийн, цахилгаан соронзон радио электроникийн, цөмийн цацраг идэвхт үүсгэврийн, байгалийн нэгдлийн хими болон эрдэм шинжилгээний, ерөнхий, органик бус химийн, органик химийн, физик коллоид ба аналитик химийн, амьтан судлалын, ургамал судлалын, хүний анатоми физиологийн, хөрс судлалын, геологи ландшафтын, лингафоны, фото зургийн, зураг-шугам зураг, дизайны зэрэг сургалт эрдэм шинжилгээний зориулалттай 21 лаборатори, 40 гаруй кабинет, Монгол орны баруун бүс нутгийн ургамлын ан, амьтан, чулуулаг, хөрсний дээж бүхий байгалийн музей, Баруун монголын баатарлагийн их хөлгөн туульсууд, үлгэр домог, ерөөл магтаал аман зохиолын цуглуулга бүхий “Аман зохиол, аялгуу судлалын сан”, төвд, манж, монгол, тод, дөрвөлжин, соёмбо үсгийн судар бүхий “Монголчуудын бичиг соёлын дурсгалын сан”, 130 мянган боть ном бүхий номын сантай болж зохих түвшинд сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах нөхцөлөөр хангагдсан болно.
Түүнчлэн Швейцарь улсын иргэн хатагтай Анита Фарнийн тусламжаар “Швейцарь ном соёлын төв” байгуулж, номын фондоо герман, англи хэлээр бичигдсэн 16000 гаруй боть номоор өргөтгөсөн. Ингэснээр Герман хэлний мэргэжилтэнг бэлтгэх нөхцөл бүрдсэн юм. 2001-2002 оны хичээлийн жилд нэг ээлжинд 530 оюутны суудалтай дотроо лекцийн, ном уншлагын заал, оюутны цайны газар бүхий хичээлийн II байрыг ашиглалтанд оруулсан юм.
МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжин, багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд бэхжихийг дагалдан нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу бие даасан их сургууль болгон өргөтгөх асуудал тулгаран гарч иржээ. Иймээс ч 2000 оны Монгол улсын УИХ-ын сонгуулийн Ховд аймгийн 42, 43 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Г.Нямдаваа нарын мөрийн хөтөлбөрт улс орныг бүсчилэн хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг баруун бүсийн дээд боловсрол, шинжлэх ухааны төв болгох зорилгоор бие даасан их сургууль болгон хөгжүүлэх асуудлыг тус сургуулийн зүгээс анхлан тусгуулжээ.     2001 оны 02 сард МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн удирдах зөвлөл байгуулагдсан даруйдаа 02 сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн дүрэм”-д сургуулийн эрхэм зорилгыг “байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулж, бүс нутгийн боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард түмний оюун сэтгэлгээний ололт уламжлалыг хадгалж хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийн санд хувь нэмэр оруулах, их сургуулийн боловсролтой, мэргэжлийн өндөр түвшинд бие даан ажиллах мэдлэг чадвартай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн төлөвших таатай орчинг бүрдүүлж үйлчлэхэд оршино” хэмээн тодорхойлжээ. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэх ажлыг “МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг 2001-2005 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө”-нд тусган (1) удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, (2) сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсронгуй болгох, (3) материаллаг орчин нөхцлийг сайжруулах, (4) сайн багш, судлаачтай байх, (5) эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, (6) санхүүгийн найдвартай байдлыг хангах зэрэг зорилтуудыг дэвшүүлжээ.
2002 онд шинэчлэн найруулсан “Боловсролын тухай хууль”-ийн 15.1-д дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна хэмээн заасан ба “Дээд боловсролын тухай хууль”-ийн 5.2-т их сургууль харъяалалдаа дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно гэж заасны дагуу тус сургууль нь салбар сургууль бус дээд сургуулийн статустай болсон байна.
Улмаар УИХ-ын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл”-д “Бүс нутгийн хөгжилтэй уялдуулан зарим их сургуулийн аймгууд дахь салбар сургуулийг бие даалган бүс нутгийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулах” асуудал тусгагдаж, “2003 онд нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл хийх, хувьчлах байгуулагуудын жагсаалт батлах тухай” Монгол улсын засгийн газрын 2003 оны 34 дүгээр тогтоолын II хавсралт болох “Нийгмийн салбарын 2003 онд өөрчлөлт, шинэчлэл хийх байгууллагуудын жагсаалт”-д “МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг ХААИС-ийн Алтайн бүсийн салбар сургуультай нэгтгэн зохион байгуулж Баруун бүсийн их  сургуулийг шинээр байгуулахаар” тусгажээ. Засгийн газрын тогтоолын энэ заалт тухайн үеийн ХААИС-ийн Алтайн бүсийн салбар сургуулийн удирдлагын зүгээс эсэргүйцэлтэй тулгарч хэрэгжих боломжгүй болсон тул   МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн удирдах зөвлөлөөр дамжин тус сургуулийг тусад нь биеэ даасан их сургууль болгох тухай асуудал БСШУЯ-д дахин тавигдсаны дагуу 2003 оны 3 сард УИХ-ын гишүүн, БСШУЯ-ны сайд А.Цанжид, БСШУЯ-ны ШУТДБ-ын бодлого зохицуулалтын газрын дарга М.Баасанжав нар Монгол улсын УИХ, засгийн газрын ажлын хэсэгт орж ажиллахдаа МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж,  2008 оны 8 сард БСШУЯ-ны ШУТДБ-ын бодлого зохицуулалтын газрын орлогч дарга Ц.Мягмар тус сургуулийг биеэ даасан их сургууль болгох асуудлыг дахин нягтлан судлахаар томилолтоор ирж ажиллан албан ёсны дүгнэлт гаргах ажлыг хийжээ.
Ийнхүү бие даасан  их сургууль болох хууль эрх зүйн орчин бүрдэж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангасны үр дүнд 2004 оны 6 сарын 18-ны өдөр БСШУЯ-ны сайдын 2009 тоот тушаалаар   МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг 2004 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд их сургууль болгон өргөтгөн зохион байгуулах шийдвэр гарч, 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн биеэ даасан их сургуулийн түвшинд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхлэжээ. ХИС-ийн удирдах зөвлөлийн 2004 оны 09 сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоолоор Ховд их сургуулийн дүрмийг батлан гаргаж 1.1-д “Ховд их сургууль иргэдэд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны төрөл бүрийн салбараар сургалт явуулах, суурь болон хавсарга судалгаа хийх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил эрхэлсэн сургалт-эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бие даасан байгууллага мөн”  хэмээн сургуулийн нийгэмд хийж гүйцэтгэх үүргийг тодорхойлжээ.

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan