Articles

Д. Батчулуун: Бүтээл туурвил, шавь нараараа бахархаж явдаг

Энэ удаагийн ярилцлагын эрхэм зочноор Монгол улсын Гавьяат багш, доктор, профессор Харуулчин овогтой Дагдангийн Батчулууныг урилаа. Тэрээр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. Булган сумын 7 жилийн сургуулийг төгсөөд багш болох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн Архангайн багшийн сургуулийг зорин бага ангийн багш мэргэжлийг эзэмшсэн байна. Архангайн багшийн сургуулийг дүүргээд идэр залуухан 18 насандаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын сургуульд бага ангийн багшаар ажлын гараагаа эхлүүлсэн түүний эрдэм номд шимтэн суралцсан, түгээн дэлгэрүүлсэн эгэл жирийн амьдралаас бидний яриа эхэлсэн юм. Босго өндөртэй, олон түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх түүний их үйлс нь 1957 оноос эхлэлтэй. 1957-1982 онуудад Говь-Алтай аймгийн Чандмань, Тамч, Бигэр, Тонхил сум, Алтай хотын 1-р дунд сургуулиудад бага ангийн багш, дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгчээр, 1982 оноос өнөөдрийг хүртэл Ховд их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажиллаж, одоо Европ хэлний тэнхимд зөвлөх профессороор ажиллаж байгаа багш, эрдэмтэн, судлаач юм. 1999 онд Монгол улсын Гавьяат багш хэмээх эрхэм хүндтэй шагналыг улсынхаа нийслэлээс биш буйдхан аймагтаа авч байсан гээд бодохоор эгэлээс эгэл, даруу хүн гэлтэй. Эрдэм номд шимтэн суралцсан, оюун бодлоо дайчлан хичээсэн он жилүүдэд түүний бэлтгэн гаргасан шавь нар нь өнөөдөр Монгол улсын өнцөг булан бүрт өөрийн ажиллаж буй салбартаа манлайлагч нь байсаар байна. Түүний намтар цадиг, ажиллаж ирсэн он цагийн түүх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн, амжилт нь бие даан сурах арга барилтай нь холбоотой. “Зийхэн багш” хэмээн дуудагддаг байсан Д.Батчулуун багш маань өнөөдөр Монгол улсын Гавьяат багш болж, эрдэм номын оргилд хэрхэн хүрсэн болон ажил амьдралын арвин туршлагынх нь нэгээхэн ертөнцөөр хамтдаа аялацгаая.

Мэргэжил сонголт хүний амьдралын насан туршид хэн байх, хэрхэн амьдрахыг тодорхойлдог. Таны хувьд яагаад багш мэргэжлийг сонгосон бэ?

Би Ховд аймгийн Булган сумын 7 жилийн сургууль төгссөн. Тухайн үед хамгийн сайхан мэргэжил багш байсан. Архангайн багшийн сургуульд Ховд аймгаас 10 хүүхэд суралцахаар явж, 1957 онд Архангайн багшийн сургуулийг 18 настайдаа төгсөөд Говь-Алтай аймгийн Чандмань суманд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн.

Би таныг Говь-Алтай аймгийн хүн гэж боддог байсан?

Би Ховд аймгийн Цэцэг суманд Өвөр худгийн билчир гэдэг газар төрсөн хүн л дээ. Тухайн үед багш боловсон хүчин шаардлагатай орон нутаг руу илгээлт өгөөд биднийг явуулдаг байсан. Тэр журмаар л Говь-Алтай аймагт очиж олон жил ажилласан болохоор намайг Говь-Алтайнх гэж боддог хүмүүс цөөнгүй байдаг байх шүү. Говь-Алтай аймагт бага ангийн багш, дунд сургуулийн багш, орос хэлний багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан. Чандмань сумынхан намайг “Зийхэн багш” гэж дууддаг байлаа. Говь-Алтайн шавь нар маань өнөөдөр тэтгэвэрт гарчихсан байж надад захиа хүртэл явуулж байсан удаатай.  

Бага ангийн багш хүний сэтгэлд мартагдаггүй. Хүн бүхэн анхны “А” үсэг заасан багшаа үргэлж дурсан санаж явдаг байх?  
Үнэн шүү. Бага ангийн багш хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээдэг. Хүн бүхэн л дурсан санаж явдаг гэж боддог.


Суръя, мэдье гэвэл дадал зуршил болгох хэрэгтэй

Багш, шавь нар тань таныг орос хэлийг бие дааж сурсан гэдэг юм билээ?
Би 1975 онд Улсын багшийн их сургуулийн орос хэл, утга зохиолын ангийг эчнээгээр “онцсайн” дүнтэй дүүргэсэн. Би их сонин араншинтай хүн юм шиг байгаа юм. Миний үеийн залуус бүжиг, кино, тоглоом наадам гээд явж байхад би өглөө, үдэшгүй орос, монгол хэл дээр бичигдсэн уран зохиолын ном унших дуртай. Би одоо ч шавь нартаа ном унш, сурч байгаа хэлнийхээ үгийг нэг бүрчлэн цээжлэх биш хэрэглээгээ болговол илүү хурдан сайжирна гэж хэлдэг. Ном уншаад байвал хэлний дотоод ертөнцөд нэвтэрнэ гэсэн үг л дээ. Намайг Говь-Алтай аймгийн Чандмань суманд бага ангийн багшаар ажиллаж байхад Бигэр сум руу орос хэлний багшаар явуулсан. Бие даах арга барилаар орос хэлийг сурсан хүн шүү дээ. Суръя, мэдье гээд хичээх юм бол сурч чадахгүй зүйл байхгүй. Би хүний лекц, ярианд суух их дургүй. Мэдэхгүй юм байвал номноос олоод уншаад мэдчихнэ. Цаад нарийн гүнзгий мэдлэгийг номноос олж уншина, өөрийнхөөрөө ойлгоно гэх мэтчилэнгээр хачин арга барилаар суралцсан даа. Хэл суръя гэвэл өдөр бүр тогтмол цагт, тогтмол хугацаанд тодорхой давтамжтайгаар хичээлээ давтаж, шамдах хэрэгтэй. Нэг ёсондоо дадал зуршил болговол илүү сайн сурч болно. 
Бие дааж хэл сурахын үлгэр дууриаллыг Говь-Алтайн Д.Батчулуунаас суралцах хэрэгтэй гэж улс даяар таны туршлагын талаар ярьж байсан тухай сонссон?  
Намайг орос хэлийг бие дааж сурсан, амжилттай ажиллаж байгаа гэж үнэлсэн юм уу 1981 онд Прага хотноо хуралдсан Олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын холбооны (МАПРЯЛ) VII их хурлын шийдвэрээр тус холбооны дээд шагнал А.С.Пушкины медалиар шагнасан.  Орос бол шинжлэх ухаан, урлаг, уран зохиолоороо агуу их оргилд хүрсэн орон. Би шавь нартаа хэл сурах гэж байгаа бол тухайн хэлнийхээ уран зохиолын ном бариад ав, толь ашиглаад орчуул, эцэст нь уншаад дуусахад ямар нэгэн байдлаар үгийн баялагтай болж үлдэнэ гэж зөвлөдөг. Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байхдаа сурган хүмүүжүүлэх төв уншлаганд З удаа оролцож, тавьсан илтгэл нь 1, 2, 3-р байр эзэлж байлаа.
Бага ангийн багш мэргэжилтэй, Говь-Алтайд олон жил ажилласан хүн Ховд их сургуультай хувь заяагаа хэрхэн холбов?
Говь-Алтай аймагт олон жил бага ангийн багшаас хичээлийн эрхлэгч болтлоо ажилласан. Тухайн үед Говь-Алтай аймгийн Тонхил суманд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхад Ховд их сургуулийн захирал байсан Н.Жадамба яамны тушаал гаргуулаад 1982 оны 11 дүгээр сараас эхлэн орос хэлний багшаар ажиллуулж эхэлсэн. Н.Жадамбаа захирал сайн гэсэн багш нарыг сургуульдаа авчирч ажиллуулдаг, багшлах боловсон хүчний чанар чансаанд их анхаардаг мундаг хүн байсан. Анх ажилд орж байхад манай сургууль хоёр факультеттай, багш нар нь ч , сургууль нь ч залуу байлаа. Би орос хэлний тэнхимд эхний жилдээ багшлаад 1983 оноос тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. 1983 ондоо “БНМАУ-ын ерөнхий боловсролын 8 жилийн сурагчдыг оросоор сонсгон ойлгуулж сургах нь” сэдвээр Сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Говь-Алтайд ажиллаж байхдаа десертациа биччихсэн байлаа. Оросын болон Монголын заах аргачидтай хамтарч “Радуга” сурах бичиг бичсэн. Би эрдэм шинжилгээний ажил хийж байна гээд сургуулиас томилолт авч үзээгүй. Тэр үед хамт ажиллаж байсан манай тэнхимийн багш нар бүгд өнөөдөр эрдмийн зэрэгтэй болчихсон байна.  Багш хүн бол их төв үзэлтэй, хувцас хунар цэмцгэр, хэл яриа, зааж байгаа юмаа сайн мэддэг, хүнд хүргэх арга барилаа маш сайн эзэмшсэн, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж чаддаг, оюутны найз, туслагч, зөвлөгч байх ёстой. Багшийн гарт бүх хүний ирээдүй бий. Тиймээс сурган хүмүүжүүлэгч хүн өөрөө маш их боловсорсон байх ёстой гэж би боддог. Миний хамгийн гол онцлог бол бие даан сурах арга барил. Ховд их сургуульд 32 жил ажиллахдаа ганцхан удаа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Тэр нь 1994 онд АНУ-ын Лий их сургуульд багш солилцооны шугамаар багш, оюутнуудад орос хэл заахын хажуугаар суралцсан гэсэн үг л дээ. Ховд их сургуультай ажил, амьдралаа холбосон цагаас зургаан жилийн дараа буюу 1989 онд Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын шийдвэрээр доцент, 2007 онд ХИС-ийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор цол хүртсэн.
Эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажил өөрийнх нь “нэрийн хуудас” байдаг гэж би боддог. Гавьяат багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол сэдэв?
Би өөртөө тохирсон номын сантай. Түүнийгээ баяжуулах үүднээс ийш тийшээ явахаараа ном л авчирдаг. Уншсан ном бүрийнхээ тэмдэглэлийг хөтөлж, чухал үнэтэй санааг нь заавал тэмдэглэж  авч үлдэх хэрэгтэй гэж боддог. Гадаад хэл сурахад үг цээжлэх хэрэгтэй гэдгийн эсрэг байр суурьтай хүн. Хэрэглээн дундаа л хэлийг эзэмших нь чухал. Миний хувьд онолын болон хавсарга хэлшинжлэл, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, сэтгэц-хэлшинжлэл, нийгмийн хэл шинжлэл, угсаатны хэлшинжлэл, орчуулгын онол практикийн чиглэлээр судалгаа хийдэг. Эрдэм шинжилгээний 140 орчим бүтээлийг АНУ, ОХУ, дотооддоо нийтлүүлснээс 26 нь нэг сэдэвт бүтээл, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн оюутан магистрант, хэл судлаачдад зориулсан сурах бичиг, гарын авлага байгаа. Бусад зохиогчидтой хамтарч бичсэн гурван сурах бичиг ОХУ-д хэвлэгдсэн. ОХУ-ын эрдэмтэдтэй хамтарсан эрдэм шинжилгээний зургаан төсөлд удирдагч болон гүйцэтгэгчээр оролцож байлаа. Эдгээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийхэд миний хувийн арга барилын онцлог л их нөлөөлсөн. Мөн Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл “Мир, науки, культуры и образования” сэтгүүлийн эрдэм шинжилгээний зөвлөлийн гишүүн. 1975 онд Монголын багш нарын IV их хурал, 1990 онд Москвад хуралдсан Олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын VII их хурал, 2007 онд Монголын орос хэлний багш нарын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон. Нэрт сурган хүмүүжүүлэгч В.Сухомлинскийн зохиолын 2-р ботийг Ховд их сургуулийн багш нартай хамтран орчуулж, орчуулгын редактораар ажилласнаас гадна Г.Уэллс, Х.Хаслунд, А.Несин, С.Есенин, Р.Гамзатов нарын тууж, өгүүлэл, замын тэмдэглэл, шүлэг зэргийг Орос, Англи хэлнээс орчуулж олон нийтийн хүртээл болгосон. Сүүлийн арваад жил өөрийн нэрэмжит орос хэлний олимпиадыг ЕБС-ийн 7-р ангийн сурагчдын дунд зохион явуулж байна.
Таныг их чанга багш байсан тухай шавь нар тань дурсдаг юм билээ?
Эргээд санахад хатуудаа хатуу байсан байх. 18 настай жоохон хүүхэд нэгдүгээр ангийн багш байлаа. Говь-Алтай аймгийн Чандмань суманд нэг айлд байдаг байсан. Хүү нь Болд гээд манай ангийн хүүхэд, их хөдөлгөөнтэй, сахилгагүй нөхөр байлаа. Тэр үед Болдыг тааруухан сурлагатай гээд анги улираасан. Тэгэхэд аав, ээж нь ном журмын дагуу улираасан гэж хүлээж авч байсан.
Багш болсноос хойш таны сэтгэлд хоногшсон дурсамжтай мөчөөсөө хуваалцаач?
Би их сэтгэл хөдлөл багатай хүн л дээ. Учиргүй баярлаад, гомдоод байдаггүй. Намайг анх их сургуульд багшилж эхлэхэд мэргэжлийн гадаад хэлний ангигүй байгаагүй. Харин ерөнхий эрдмийн хичээл заадаг байсан. Манай сургуульд 1994 онд орос, англи хэлний мэргэжлийн анги нээгдсэн. Улсын мэргэжлийн бус ангийн оюутнуудын олимпиадад түрүүлдэг байлаа. Гадаад хэл соёлын сургуулийн ихэнх багш нар манай сургуулийн төгсөгчид. Амжилттай ажиллаж нэр алдраа дуурсгаж яваа шавь нар, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдээрээ бахархаж явдаг. Тэр дундаас миний дөрвөн ном оюуны өмчөөр баталгаажсан. Бүтээл бүхэнд минь маш их хөдөлмөр шингэсэн. Хамгийн сүүлд онолын түвшинд нэлээн их судалгаа хийж, дөрөв дэх цувралаа бичсэн Хэлшинжлэлийн удиртгал ном минь сургуулийн оны шилдэг бүтээлээр шалгарсан.  
Мэргэжил бүхэнд бахархал бий. Таны бахархаж явдаг үнэт зүйл юу вэ?
Өөрийн гэсэн мэргэжлийн ном, сурах бичиг бичиж, шавь нар минь амжилттай сурч, ажиллаж байгаа нь миний бахархал шүү дээ. Шавь нараас минь жирийн малчин, ажилчнаас эхлээд академич, эрдэмтэд, сэхээтнүүд олон төрсөн. Ховд Их Сургуулийн орос-англи хэлний тэнхимийг төгсөгчдөөс В.Сайнбаяр. Т.Одончимэг, Ц.Оюун нар докторын зэрэг хамгаалж, магистрын ажлыг нь удирдаж хамгаалуулсан хүмүүсээс 4 хүн докторын зэрэг хамгаалж, 5 хүн докторантурт суралцаж байгаа. Залуучууд мэргэжил сонголтоос шалтгаалаад хэн байх, хэрхэн амьдрах ирээдүй тодорхойлогдож байгаа. Өөрийнхөө чадвар, авьяас сонирхол, өөрийнхөө материалыг мэдэж мэргэжлээ сонгох хэрэгтэй. Гэхдээ тухайн хүний өөрийн дур сонирхол юм л даа.  
Таны хувьд 1999 онд Монгол улсын Гавьяат багш болсон. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Би дээр их сэтгэл хөдлөл багатай хүн гэж хэлсэн дээ. Хэр баргийн юманд баярлаад байдаггүй. Монгол улсын Гавьяат багш боллоо гэдгийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж утсаар ярьж мэдэгдсэн. “Багшаа шагналаа хотоос ирж авах уу” гэж асуухад нь аймгаасаа авъя гээд Улаанбаатар руу яваагүй. Ховдодоо аймгийн Засаг даргаасаа шагналаа гардаж авч байлаа.


Ярилцсанд баярлалаа.


Тиймээ, Д.Батчулуун багш бол эгэлээс эгэл, даруу төлөв, эрдэм номыг эрхэм баялгаа болгосон эрдэмтэн хүн юм. Түүний дурсан өгүүлэх түүх, өөрийгөө дайчлан хичээсэн он цаг бүхэн олон мянган шавь нартаа эрдмийн их гэрэл гэгээ, үнэтэй сургааль нь болж үргэлж дурсан санагддаг гэдэгт эргэлзэхгүй байна. Гэр бүлийн хүнээ танилцуулаач гэхэд “Миний хань бол Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат жирийн л эмэгтэй. Зургаан сайхан хүүхдийн минь ээж. Намайг гэр орны ажилд гар хүргэж үзээгүй хүн дээ” хэмээн хуучлах нь нэг л эгэл, даруухан санагдана.
Г.Энхжаргал

Элсэлт-2017

Цахим бүртгэл

Холбоос

 

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan