Сургалтын бодлого, төлөвлөлтийн алба

Ховд их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн алба нь 1979 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Баруун бүс нутаг төдийгүй Монгол улсад өрсөлдөх чадвартай багшлах боловсон хүчин, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд тус сургуулийн сургалтын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт үнэлгээг боловсронгуй болгон хөгжүүлж, чанарын баталгааг ханган ажиллахаар зорж байна.

 

Сургалтын бодлого төлөвлөлтийн алба нь ХИС-ийн суралцагчдын элсэлт, төгсөлт, үнэлгээ, хөтөлбөрийн хөгжил, магадлан итгэмжлэл, сургалтын нэгдсэн зохицуулалт, эрдмийн баяр, багшийн хөгжил, манлайлал, сургалт, судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг багш болон оюутны хөгжлийг дэмжих бүхий л үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Сургалтын бодлого, төлөвлөлтийн алба нь төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын алба гэсэн бүтэц нэгжтэй.

 

Өнөөдрийг хүртэлх хугацаанд хичээлийн эрхлэгчээр Х.Чагдаа (1979-1989), Х.Тэрбиш (1989-1991), С.Шийдэв (1992-1994), сургалт хүмүүжил хариуцсан дэд захирлаар Хайдавын Дондог (1995-1997), сургалт эрхэлсэн дэд захирлаар Ц.Баасандорж (1997-2000), С.Шар (2000-2003), Б.Равданжамц (2003-2009), Б.Нямдорж (2009-2013), Д.Өрнөхдэлгэр (2013-) нар ажиллаж байна.

 

1979 онд Ховд дахь Улсын Багшийн Дээд Сургууль нэрээр байгуулагдсан цагаас эхлэн математик-физик, хими-биологи, монгол хэл-уран зохиол, түүх газар зүй гэсэн 4 мэргэжлээр элсэлтээ Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг баруун 5 аймгаас авч байсан бол өнөөдөр Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл аймгуудаас нэмэлт элсэлт авч байна.

 

Баруун болон бусад аймгуудад тодорхой мэргэжлийн чиглэлээр багшлах боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдон 1987 онд биеийн тамирын анги, 1989 оноос эвлэл-пионерийн удирдагч буюу сургалт хүмүүжил-заах арга зүйн ангиудыг тус тус нээсэн.

 

Ховд дахь УБДС 1983-1993 он хүртэл нийт 10 удаа төгсөлт хийж физик, математик, хими, биологи, газарзүй, монгол хэл уран зохиол, түүх нийгэм судлал, биеийн тамирын багшийн зэрэг хос мэргэжлээр бүрэн дээд боловсролтой 1000 шахам боловсон хүчнийг төгсгөжээ.

 

1993 оноос тус сургууль МУИС-ийн салбар сургууль болсонтой холбогдуулан бүс нутгийн хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, нөөц боломж, боловсон хүчин дээрээ түшиглэн сургалт явуулах боломжтой шинэ анги салбар нээн хичээллүүлэх, Монгол улсын болон дэлхий нийтийн жишигт нийцэх, зах зээлд өрсөлдөх чадвартай бакалаврын төвшинд мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарсаар ирэв. Үүний дагуу ШУБЯ-ны зөвшөөрлөөр 1993-2004 онд газар зүйн анги, орос-англи хэлний анги, математик-мэдээлэл зүй, байгаль шинжлэлийн анги, нягтлан бодох бүртгэлийн анги, зураг, шугам зургийн багш, хятад хэлний орчуулагчийн анги, Англи хэлний багш, орчуулагчийн анги, нягтлан бодох бүртгэлийн эчнээ анги, Япон хэлний орчуулагч-аялал жуулчлалын менежер, нийгэм судлал-эрх зүйн багшийн анги, Герман –Монгол судлал, улс төр судлал, газар зохион байгуулалт, удирдлагын анги шинээр нээжээ.

 

2007 оноос эхлэн “Комьпютер-Солонгос хэл”, ”Бага ангийн багш -арга зүйч”, “Ойжуулалт-цэцэрлэгжүүлэлт”, “Байгаль хамгаалал экологи”, “Түүхийн багш аялал жуулчлалын менежер ”, “Хими”, “Физик”, “Геологи”, “Архитектур дизайн”, “Компьютер програм хангамж” мэргэжлээр шинэ ангиуд нээж элсэлтээ өргөжүүлсэн.

 

2012, 2013 онд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш”, “Нутгийн удирдлага”, “Бизнесийн менежмент” (бакалавр), “Хими”, “Газарзүй” (доктор), Баян-Өлгийн салбар сургуульд “Дуу хөгжмийн багш” гэсэн шинэ мэргэжлээр элсэлт авч эхэлсэн.

 

2016 онд бакалаврын “Үндэсний язгуур урлаг” /хөөмэй, тууль/, “Барилгын инженер”, “Цахилгааны инженер”, “Уул уурхайн ашишлалтын технологи”, магистрын “Математикийн боловсрол”, “Экологи”, “Төрийн захиргааны удирдлага”, докторын “Боловсрол судлал” гэсэн хөтөлбөрийг шинээр нээсэн.

 

Ховд их сургууль сүүлийн 4 жилийн хугацаанд элсэлт авах хүрээгээ өргөжүүлж баруун 5 аймгаас гадна Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймаг , Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудаас элсэлт авч байна. Түүнчлэн ОХУ-ын Тува, БНХАУ-ын ШУӨЗО, Япон, Солонгос зэрэг орнуудаас оюутан элсүүлэн сургаж байна.

 

Бакалавр, магистр, докторын сургалт явуулахын зэрэгцээ багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн ба үндсэн сургалт явуулах, олон нийтийн соёл боловсролыг дээшлүүлэх, элсэлтийн шалгалтанд бэлтгэх зэргээр нийгмийн үйлчилгээнд чиглэсэн ажлууд зохион байгуулдаг.

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хими, математик, биологи, түүх, газарзүй, гадаад хэл, зураг зэрэг мэргэжлээр аймаг, хотын хэмжээний олимпиад зохион байгуулан, иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, албан байгууллагын урилгаар иргэний боловсролыг дээшлүүлэх, эрдэм түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн хичээл, сургалт, сурталчилгааны уламжлалт ажлуудыг тогтмол явуулдаг.
Сургуулийн сургалтын онцлог, давуу талууд:
•    Баруун бүс нутагт дээд боловсрол олгох бүх шатны сургалт эрхэлдэг төрийн өмчийн бие даасан их сургууль
•    ХИС нь байгууллагын 2 дахь шатны магадлан итгэмжлэл хийлгэсэн
•    Мэргэжилтэн бэлтгэсэн 30 гаруй жилийн туршлагатай
•    Баруун бүсийн тулгуур төвд байрладаг
•    Төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, нэрэмжит тэтгэлгүүдэд хамрагдах боломжтой ба нийт суралцагчдын 60 орчим хувь нь сургалтын төрийн сангийн хөнгөлөлтөнд хамрагдаж байна.
•    500 гаруй оюутны багтаамжтай дотуур байртай
•    Сургалтын чанараар нэр хүндтэй
•    Гадаадын 30 гаруй сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаатай
•    Авьяас сонирхлоор гуравдагч мэргэжлийг сонгон суралцах сертификатын сургалттай
•    Амжилттай суралцвал гадаадын хамтын ажиллагаатай сургуулиудад суралцах боломжтой зэрэг болно.

Холбоос

 

Статистик мэдээлэл

Яг одоо сайтын зочид:

Нийт хандалтын тоо:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл: